40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын үзэсгэлэн, яармаг амжилттай болж өндөрлөлөө

Author avatar Болор Даваа
2026.09.14
40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын үзэсгэлэн, яармаг амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулагдсан 40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармаг 2026 оны есдүгээр сарын 11–13-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний болон олон улсын 400 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцсоноос 20 гаруй улсаас 100 гаруй компани хүрэлцэн ирж, барилгын материал, тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээ, интерьер, экстерьер, дэд бүтэц, орон сууц, амины орон сууц, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлт болон шинэ технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа.

Мөн орон сууцны эрэлт нэмэгддэг намрын улиралтай уялдуулан зохион байгуулагдсан энэ удаагийн “BARILGA EXPO”-д орон сууц, хаус, амины орон сууц, угсармал байшин болон үл хөдлөх хөрөнгийн 50 гаруй төсөл танилцуулагдаж, иргэд, хэрэглэгчдэд олон төрлийн төслийг нэг дороос харьцуулан судлах боломж бүрдсэн юм.

Үзэсгэлэнгийн гурван өдрийн хөтөлбөрт төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, инженер, техникийн ажилтан, салбарын мэргэжилтэн болон хэрэглэгчдэд зориулсан мэргэжлийн семинар, илтгэл, хэлэлцүүлэг, бүтээгдэхүүн, технологийн танилцуулгууд зохион байгуулагдлаа.Есдүгээр сарын 11-ний өдөр “Төсөл хэрэгжүүлэгчдийн өдөр”-ийн хүрээнд барилгын чанар, аюулгүй байдал, баталгаажуулалт, норм, дүрэм, барилгын төслийн эрсдэлийн удирдлага, нийслэлд хэрэгжиж буй томоохон төслүүд, дахин төлөвлөлт болон орон сууцны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар салбарын мэргэжилтнүүд мэдээлэл, санал солилцлоо.

Түүнчлэн энэ өдөр зохион байгуулагдсан “INTERNATIONAL BUSINESS MEETING” олон улсын бизнес уулзалтаар Монголын төсөл хэрэгжүүлэгч, захиалагч, барилгын компаниудыг олон улсын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, технологийн компаниудтай холбон, бүтээгдэхүүн нийлүүлэлт, хөрөнгө оруулалт, шинэ түншлэл болон хамтын ажиллагааны боломжийг хэлэлцсэн юм.

Есдүгээр сарын 12-ны “Инженер, техникийн ажилтнуудын өдөр”-т барилгын талбайн аюулгүй ажиллагаа, амины орон сууцны зөв төлөвлөлт, хиймэл оюун ухааны хэрэглээ, BIPV технологи, эрчим хүчний үр ашиг зэрэг мэргэжлийн болон шинэ технологийн чиглэлээр илтгэл, танилцуулга зохион байгуулагдав.

Харин есдүгээр сарын 13-ны “Амины орон сууц ба дэд бүтцийн шийдлийн өдөр”-өөр амины орон сууцны шийдэл, ногоон барилга, сэргээгдэх эрчим хүч, халаалт, эрчим хүчний хэмнэлт болон барилгын материалын худалдаа, нийлүүлэлтийн шинэ боломжуудыг онцлон танилцууллаа.

Мөн үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүд “BARILGA EXPO”-гийн өдрүүдэд зориулан бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тусгай хямдрал, урамшуулал болон худалдан авалтын онцгой нөхцөл санал болгосноор хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг харьцуулан сонгох, үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй шууд холбогдох боломжийг бүрдүүлсэн юм.

40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармагийн хаалтын арга хэмжээний үеэр барилгын салбарын мэргэжлийн мэдээлэл, мэдлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хоёр талт хамтын ажиллагааны хоёр санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд “Барилга МН” болон “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, салбарын мэдээлэл, мэдлэгийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, мэргэжлийн туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Санамж бичигт “Барилга МН”-ийн Гүйцэтгэх захирал Д.Цолмонгэрэл, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар нар гарын үсэг зурлаа.

Мөн “Барилга МН” болон “Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо” ТББ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, барилгын салбарын мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, салбарын оролцогчдод хэрэгцээтэй мэдээллийг хүртээмжтэй хүргэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Санамж бичигт “Барилга МН”-ийн Гүйцэтгэх захирал Д.Цолмонгэрэл, “Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Туул нар гарын үсэг зурлаа.

Ийнхүү “BARILGA EXPO” нь барилгын бүтээгдэхүүн, технологийг танилцуулах үзэсгэлэн төдийгүй салбарын оролцогчдыг холбох, мэргэжлийн мэдлэг, мэдээлэл солилцох, шинэ түншлэл, хамтын ажиллагааг бий болгох талбар болон өргөжиж байна.

Үзэсгэлэн яармагийг зохион байгуулахад идэвхтэй оролцож, дэмжин ажилласан байгууллага, аж ахуйн нэгж, хамтран зохион байгуулагч, ивээн тэтгэгч, дэмжигч байгууллага болон оролцогчдод талархал илэрхийлж, “BARILGA EXPO”-гийн үеэр салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшууллаа.

40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармагийн шилдгээр, 

ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ

Нью Прогресс Групп Вестернхолд ХХК – “Ховд Эко Цемент”

ШИЛДЭГ БАРИЛГЫН МАТЕРИАЛ

Н Эй Би Трэйд ХХК – “HÖRMANN” брэнд

ШИЛДЭГ ТӨСӨЛ

Глобал Бридж Констракшн ХХК – “Global Mall”

ШИЛДЭГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ

Эй Жи Жи Эс ХХК

ШИЛДЭГ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ

Энгүүн Технологи ХХК

Глобал Браун Солюушн ХХК – IFE брэнд

ШИЛДЭГ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ

MMS LLC /MyMonSource LLC/

ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ

Агуур Арт ХХК

Амжилт бүтээлээрээ салбартаа өнгө нэмэн, шинэ технологи, чанар, инноваци, бүтээн байгуулалтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг байгууллагуудаа баяр хүргэе.

Ийнхүү Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойтой давхцаж буй 40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармаг нь барилгын салбарын шинэ бүтээгдэхүүн, технологи, төсөл, хөрөнгө оруулалт, мэргэжлийн мэдээлэл, бизнесийн хамтын ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн салбарын томоохон арга хэмжээ болон зохион байгуулагдлаа.


40 удаагийн үзэсгэлэнгээр бий болгосон туршлага, хамтын ажиллагаандаа тулгуурлан 

“BARILGA EXPO” нь барилгын салбарын дараагийн 100 жилийн хөгжилд шинэ технологи,

 инноваци, мэргэжлийн мэдлэг, олон улсын хамтын ажиллагааг холбох талбар болон цаашид

 үргэлжлэн зохион байгуулагдах юм.


 Ерөнхий зохион байгуулагч:

BARILGA.MN

Хамтран зохион байгуулагч:

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

Ерөнхий ивээн тэтгэгч:

УЛААНБААТАР ГРУПП ХХК

Ивээн тэтгэгч:

БАЯСАЛ ХОТХОН

Дэмжигч байгууллага:

БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВ

ЛАН ПОЙНТ ХХК

ХҮРД ХК

LANGFANG JIZHI COUNTRY VILLA TECHNOLOGY CO., LTD.

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.