ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН Б.ЖҮГДЭРТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

Author avatar Болор Даваа
2026.09.04
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН Б.ЖҮГДЭРТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийг ойг тохиолдуулан салбартаа тэргүүлэн ажилласан хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.  

Боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, орон сууцны олон зуун барилга, байгууламжийн бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлагаар ханган ашиглалтад оруулж, барилга үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх, инженер, техникийн ажилчдыг бэлтгэх зэргээр барилгын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац”-ын тэргүүн, “Улаанбаатар барилга” компанийн ТУЗ-ийн дарга, Гавьяат барилгачин, зөвлөх инженер Б.Жүгдэрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. 

Энэхүү шагнал нь салбартаа мөрөө үлдээсэн үе үеийн барилгачдын хөдөлмөрийг хүндэтгэн үнэлсэн онцгой үйл явдал болж байна.

Б.Жүгдэрийн нэр Монголын барилгын салбарын томоохон бүтээн байгуулалтуудтай олон арван жилийн турш холбогдож ирсэн. Тэрээр барилгын үйлдвэрлэл, төслийн удирдлага, инженер техникийн боловсон хүчин, үндэсний барилгын компаниудын чадавхыг бэхжүүлэх чиглэлд ажиллаж ирсэн бөгөөд мэргэжлийн замналын нэг онцлог нь үндэсний компаниуд нэгдэж томоохон бүтээн байгуулалтыг өөрсдөө гүйцэтгэх боломжийг бий болгоход чиглэж ирсэнд юм.

2013 онд Монголын барилгын салбарын томоохон гүйцэтгэгч “Дельта Констракшн”, “БҮТИ”, “И Си Си”, “Улаанбаатар барилга”, “Эрэлт Импэкс” компаниуд хамтран “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийг байгуулсан бөгөөд Б.Жүгдэр тус корпорацийн удирдлагад ажиллаж, үндэсний барилгын компаниудын хүчийг нэгтгэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд голлон оролцжээ.

Тус корпорацийн хэрэгжүүлсэн ажлуудын нэг тод жишээ нь төрийн захиалгаар бага, дунд орлоготой иргэдэд зориулан барьсан “Буянт-Ухаа” орон сууцны хорооллууд юм. “Буянт-Ухаа 1” хорооллын 1754 айлын орон сууцыг ашиглалтад оруулснаас гадна “Буянт-Ухаа 2” хорооллын төслийн хүрээнд эхний 1620 айлыг богино хугацаанд хүлээлгэн өгсөн байдаг. “Буянт-Ухаа 2” хорооллын бүтээн байгуулалтад дотоодын 100 гаруй туслан гүйцэтгэгч, 80 гаруй бэлтгэн нийлүүлэгч компани оролцож, угсралтын үед 1500 гаруй, заслын ажлын үед 1700 гаруй мэргэжилтэн ажиллажээ.

Мөн тус корпорац “Хүннү хороолол”, “Виста”, “Шератон” зочид буудал, “Khans Villa”, Хөшигтийн хөндийн терминал зэрэг томоохон төслүүдэд оролцож, Монголын барилгын компаниудын гүйцэтгэх чадварыг харуулсан байдаг.

Б.Жүгдэр нь инженерийн практик болон эрдэм шинжилгээний мэдлэгийг хослуулан ажилладаг мэргэжилтэн бөгөөд ШУТИС-иас зохион байгуулсан салбарын чуулганд “Нарын гүүрийн барилгын төслийн дэвшилтэт бүтээц ба технологи” сэдвээр илтгэл тавьж байжээ. Тэрээр “Мега төслүүдийг Монголчууд өөрсдөө гүйцэтгэдэг болох ёстой” хэмээх үзэл баримтлалыг олон жил баримталж, үндэсний мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж ирсэн юм.

Монгол Улсад барилгын салбарын орчин үеийн хөгжил эхэлсний 100 жилийн ойд түүний хөдөлмөрийг Хөдөлмөрийн баатар цолоор ийнхүү үнэлсэн нь “барилгачин” гэдэг мэргэжлийн үнэ цэнийг төр, нийгэм дахин нэг удаа бататгасан түүхэн үйл явдал болж байна.

Монголын барилгын салбарын 100 жилийн түүхийн нэгэн хуудсанд түүний нэр ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрын хамт мөнхөрч байна. Барилгын салбарын хөгжил, бүтээн байгуулалтын төлөөх олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ өндрөөр үнэлүүлсэн эрхэм танд барилгын салбарын төв хэвлэл “Барилга МН” сэтгүүлийн нийт хамт олны зүгээс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, цаашдын бүтээлч ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.