Дэлхийн ногоон барилгын зөвлөлөөс (World Green Building Council) жил бүр зохион байгуулдаг “World Green Building Week 2026” 9 дүгээр сарын 7–11-ний өдрүүдэд болно. Энэ жил 18 дахь удаагаа зохион байгуулагдах тус кампанит ажил нь Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн сүлжээгээр дамжуулан тогтвортой барилга, хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх шийдэл, туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.
Энэ жилийн кампанит ажил “Build It Ready” уриан дор өрнөх бөгөөд барилга байгууламжийг уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний үнийн хэлбэлзэл болон ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлд тэсвэртэй, бэлэн байдлаар төлөвлөн барихын ач холбогдлыг онцолжээ.
Кампанит ажлын хүрээнд барилгын уур амьсгалын тэсвэржилт, эрчим хүчний үр ашиг, дулаан тусгаарлалт, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг барилгын технологи зэрэг шийдлүүдийг онцлон авч үзэх юм.
WorldGBC-ийн мэдээлснээр тус байгууллагын Ногоон барилгын зөвлөлүүд болон олон мянган гишүүн байгууллагууд уг кампанит ажилд оролцож байна. Долоо хоногийн турш ногоон барилга, тогтвортой хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй барилгын шийдлүүдийг танилцуулах, хэлэлцэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.